Баяраа бид 2 өглөө эртлэн босож, нийслэл хот Токио орохоор Канаяама галт тэрэгний буудал уруу дугуйгаа хөлөглөн гарлаа. Замдаа өглөөний цай болгож комбинегээс идэж уух юм авлаа. Ингээд дугуйгаа галт тэрэгний буудлын гадаа үлдээж, 160 иенээр билет авсан юм. 160 иен гэдэг бол Токио хот орох нь битгий хэл 1 буудал явах л билетний үнэ юм. Харин бид 2 туулайчлах замаар мөнгөө хэмнэж Токио орохоор сэтгэл шулуудсан минь энэ. Биднийг маш хол зам хүлээж байсныг би төсөөлсөнгүй. Харин Баяраа урд нь 1 удаа явж байсан тул мэдэж байсан байх. Орон нутгийн галт тэргээр Токио орно гэдэг тийм амар ажил биш юм билээ, цаг гаруй яваад өөр галт тэргэнд сууна, дахиад сэлгэнэ, дахиад сэлгэнэ.
Баяраанаагийн нойр дутуу явсан тул унтаж цагийг өнгөрөөж байлаа. Ерөөс Япончуудын цаг ашиглалт өндөр тул галт тэргэнд унтдаг хүмүүс олон байдаг юм билээ.
Галт тэрэг Фүжи уулын хажуугаар өнгөрч байна. Дэлхийн дулааралттай холбоотойгоор мөнх цастай Фүжи уулын цас нь зуны улиралд хайлдаг болсон гэнэ, намайг явж байх үед ч маш их манантай байсан учраас уулын орой бол харагдсангүй. Ингээд 7 цаг явсны эцэст Токиод ирлээ. Тэгтэл Мое (Баяраанаагийн найз охин) Нагояагаас аль хэдий нь Токиод ирчихсэн биднийг хүлээж байлаа. Учир нь Шинкансен буюу суман галт тэргээр Нагояагаас Токио руу 2 цаг л явах газар юм байна. Харин орон нутгийн галт тэргээр 442 км замыг 7 цагт туулж байна лээ.
Токио хотод ирээд юун түрүүнд хамгийн их хөл хөдөлгөөнтэй газар буюу Шибуяа дүүрэгт хүрэлцэн ирлээ. 4 замын уулзвар дээр нүүгэлдсэн олон хүн зогсож байна. Түүний хажууханд нь Хачи нохойны хөшөөн байдаг юм байна. Яагаав нөгөө эзнээ олон жил хүлээдэг хөөрхөн нохой. Хөшөөний хажууд зургаа татуулав. Шибуяад сайхан мах идлээ. Үнэ нь ч боломжийн юм. Ингээд цаашаа Харажүкү гудамж уруу явлаа. Харажүкү гэдэг сонин этгээд хувцастай хүмүүсийг нүдээр үзэх гэсэн боловч тааралдсангүй. За тэгээд бид нар тэндээсээ Ёокохама хот уруу найз Тэгшээгийн гэр лүү дэншагаар гарлаа. Нилээн орой болсон байсан тул Тэгшээгийн гэрийг олох гэж нилээн төөрч будлив. Ядаж байхад утасны цэнэг дуусахтай зэрэгцээд хүйтэн бороо шивэрч эхлэв. Нилээн норсон тул бүгдээрээ даарч байлаа. За бид 2 ч яахав охины хувьд хэцүү байх шиг байлаа. Ингээд ямар ч байсан дэлгүүр орж утсаа цэнэглэхээр буцаж алхав. Замд нэгэн айлын гадаа ишнүүр харагдлаа. Бид 3 сэмээрхэн очоод утсаа цэнэглэхийг оролдов. Айлын гадаа бороонд хоргодож, утсаа цэнэглэх зугаатай байлаа. Айлын эзэн нь мэдээд гараад ирвэл яаанаа гэсэн бодол толгойд орж ирж байв. Тэр зуур бидний өөдөөс маш ховор амьтан гарч ирсэн юм. Ядаж байхад айФон асахдаа ямар ч удаан цэнэгээ авдаг юм. Ингээд утсаа цэнэглэж Тэгшээгийн гэрийг газрын зураг дээр олж орлоо. Тэгсэн Тэгшээгийн гэрийн хажууд ирсэн мөртлөө тэрүүхэн тэндээ хайгаад гүйгээд байсан байлээ. Урт удаан замын туршид ядарсан хүмүүс бөх бат нойрсоцгоолоо.
