JAPAN 1: 2013/09/20

МУ, БНХАУ-ын хил худалдааны 5 дахь удаагийн дугуй ширээний уулзалтыг зохион байгуулагчаар томилогдсон тул 2013 оны зун амралтаа авч чадсангүй. Ингээд амралтаа 9, 10 дугаар сард авахаас өөр аргагүй боллоо. Өнгөрсөн жил амралтаа үр бүтээл муутай өнгөрүүлсэн тул энэ жил үр ашигтай өнгөрүүлэхийг хүсч байлаа. 9, 10 дугаар сард Монголд сэрүүн орсон байдаг тул амралтаараа хөдөө гадаа явахад тохиромжтой бус гэж бодлоо. Ингээд багийн найз Баяраанаа дээрээ Япон Улсад очиж амрахаар шийдэв. Түүнтэй зэрэгцээд Буянаа эгч 9 сарын 9-нд Монголд ирж таарж, урилга их амархан бүтлээ. Урилга авсан оройныхоо маргааш өглөө 9 сарын 10-нд визний ярилцлагад орлоо. Тэр өдөр Япон Улсад суралцахаар виз хүсч буй оюутан залуус олон байлаа. Нэг залуу явах гэж байгаа сургуулийнхаа нэрийг мэдэхгүй хөгөө тарьж байв. Тэр ч явахаасаа өнгөрсөн байх.  Харин надаас ЭСЯ-ны ажилтан нэмэлт материал шаардав. Шаардсан материалыг нь ажлын цаг дуусахаас өмнө аваачиж өг гэнэ. Ажилтан 9 сарын 12-ны өдөр хариугаа авах тухай бичиг өгсөн байлаа. Уул нь ажлын 3 хоногт хариу гардаг юм. Надад 2 өдрийн дараа ирэх тухай тус бичигт бичсэн байлаа. 9 сарын 13-нд онгоцны тийзээ худалдаж авснаар (770 орчим доллар 1 сая 300 төгрөг) бэлтгэл ажил үндсэндээ хангагдлаа. 9 сарын 20-ны өдөр 22:30 минутын Сөүлийн KE 868 онгоцоор хөөрлөө. Сонирхолтой нь миний ниссэн онгоцоор Т-ара хамтлагийнхан ирж байсан тул онгоцны буудал хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Мөн надтай хамт Эрчим багийнхан Президент капын ¼ шигшээд оролцохоор Малайзыг зорьж байсан юм.
From September 2013 (Japan Tour - 1)
Сүүлд сонсохнээ 4-0 хожигдсон байлээ. Гэхдээ Монголын супер цомд түрүүлсэн Монголын шилдэг багийн нэг юм. 03:30 минутын орчимд Сөүлд газардаж, унтах газар олохоор явлаа. 4 цаг унтасны эцэст 10 цагт Нагояа хүрэх онгоцондоо суулаа. Ингээд 12:25 орчим Нагояад буулаа. Баяраанаагийн хэлж байсан хамгийн хямд билетийг (850 иен=14000 төгрөг) авч улаан өнгийн дэншанд (орон нутгийн галт тэргэнд) суулаа. Японд төмөр зам өндөр хөгжсөн тул галт тэрэг нь экспресс, хагас экспресс, хурдан, ердийн гэх мэт олон төрлөөрөө байдаг тул эхэндээ толгой эргэж байв. Нагояа эки буудал руу 1 цаг орчим явсны эцэст хүрлээ. Буудал дээр буугаад Баяраанаатай болзсон газраа хайж олох гэж нилээдгүй зүдэрлээ. Гэхдээ л олсон. Баярааг Denny’s ресторанд ажилладаг гэж бодсон тул ажилчдаас нь Зорубаяру сан гэж асуулаа. Хэн ч мэдэхгүй байлаа. Ер нь энд ажилладаггүй болох нь тодорхой боллоо. Цаг орчим хүлээсний эцэст 3 цагийн үед цонхоор хартал намайг гадаа хүлээж байлаа.
From September 2013 (Japan Tour - 1)
Андтайгаа уулзаад ачаагаа ажил дээр нь үлдээгээд, дугуйгаар нь жаал явав. Тэр өдөр шинэ айФонууд худалдаанд гарч байсан тул гар дээрээ барьж үзлээ. Нэг их сэтгэл татам зүйл байгаагүй ч удахгүй энэ утсыг авах нь бол тодорхой байлаа. Орой 8 цагт уулзаж хоолонд орлоо. Мах идэхийг санал болгов. Ороход л үйлчилгээний соёл, харьцаа Монголоос шал өөр болох нь ажиглагдаж байлаа. Япон мах маш зөөлхөн бүр дэндүү зөөлхөн байлаа. Учир нь үхрийг махны чиглэлээр онцгойлон үржүүлдэг тул ийм байдаг бололтой. Үнийн хувьд харьцангуй өндөр 3 хүн 6000 иен буюу 102,000 төгрөг төлсөн. Амттай сайхан махаа идэж дуусгаад Баяраанаагийн гэрийн зүг метрогоор явлаа. (Үнийн хувьд бас өндөр байлаа. Цөөхөн хэдэн буудал явахад 260 иен 4500 төгрөг болж байлаа.) Такси бол ярилтгүй 1 км нь 8000 төгрөг.